Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.ЖАВХЛАНТАЙ шинэ оны эхэнд уулзлаа. Тэрээр Байгууллагын удирдлагын магистр, Сэтгэл судлаач-Нийгмийн ажилтан, Эрх зүйч мэргэжилтэй, энэ албанд ирэхийн өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байв. 
 
- Та бүхний ойрын гол чиглэл, зорилт юу? Гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл нийгмийг цочроох хэмжээнд хүрлээ. 
        За их өргөн хүрээтэй багц асуулт байна. Гэр бүлийн хөгжил, тогтвортой байдлыг дэмжих, зорилтот өрхийн амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын үйлчилгээг үзүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжих нь манай байгууллагын үндсэн чиг үүрэг юм. Бидний тулгын гурван чиглэл гэвэл:
- Суурь судалгаанд үндэслэн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж байна.
- Хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах орон нутгийн нэгж, харъяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах
- Залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжсэн нийгмийн орчинг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, нөлөөлөл, хамтын ажиллагаа, түншлэлийг хангах зэрэг асуудлуудыг тоймлон хэлж болох юм. Дараагийн тогтож ярих асуултын хувьд Тантай санал нэг байна. Хүүхдийн эрх ашиг гэр бүлийн хүрээнд зонхилон ноцтой байдлаар зөрчигддөг. Ноцтой тал нь гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн орчинд далд хэлбэртэй буюу олон нийтийн хараанаас гадуур үйлдэгддэгт байгаа юм. Энэ үүднээс товчхон хэлбэл, бид уг гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, хор уршигийг олон нийтэд ойлгуулах цаашлаад  Дорнод аймагтаа гэр бүлийн хүчирхийллийг тэглэх зорилтыг тавин ажиллаж байна.
 
- Залуу хүний амнаас гардаг зоригтой  үг, сайхан санаа  байна. Гэвч шийдвэрлэхэд түвэгтэй асуудал биш үү?
 
Бид тулгамдсан асуудлыг тэгж ингэсхийн тойрч цаг алдмааргүй байна нийгэм даяар цочроосон гэмт хэргүүд гарсаар л байна. Асуудлыг томоор харж, шийдэмгий зорилт тавьж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бодитой арга хэмжээ авч ажиллах шаардлага бидэнд байна. Мэдээж Дорнод аймагтаа гэр бүлийн хүчирхийллийг тэглэх гэдэг бол тэр бүр ганцхан байгууллага хийчихдэг ажил ч биш. Энэ бол маш том зорилт энэ ч утгаараа салбар дундын хамтын ажиллагаа, судалгаа мэдээлэл, төлөвлөлт, асуудлыг өөрөөр харсан шинэ сэтгэлгээ гээд олон талын, олон үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хамтран ажиллаж байж бодитой үр дүнд хүрнэ. Ер нь хүн юмыг ямар хэмжээнд харж, сэтгэнэ тэр хэмжээгээрээ ажилдаа ханддаг шүү дээ.. 
- За энэ сэдвийг жаахан тодруулах уу? 
Гэр бүлийн хүчирхийлэл олон жил удаан үргэлжилсээр, нийгмийн сэтгэл зүй дасан зохицож байдаг л зүйл мэт хүлээж авсаар дасал болсон байна. Гэтэл одоо сөрөг хандлага нь тэсрэлтийнхээ сонгодог хэлбэрт шилжээд нийгэм даяараа гэр бүлийн хүчирхийллийн зарим гэмт хэргүүдийг цочирдон шокны байдалтай хүлээн авч байна. 
Хүний сэтгэл зүй юманд амархан өртөж, түргэн дасдаг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхэд, эмэгтэйчүүд энэ байдлаа аль болох өөрсдөө дотроо шийдэх гээд хүлээцтэй хандсаар байгаад хүчирхийлэл үйлдэгчийг өөхшүүлсэн байдаг.
Хүчирхийлэл удаан хугацаанд, олон цаг үргэлжлэхээр эрсдэл өндөртэй болдог. Эхнэр, хүүхдээ нэг цохиод алчих нь ховор. Олон удаагийн үргэлжилсэн давтамжаараа амь насанд хүрэх нь олонтой. Энэ бүгдийг хажуу хөндлөнгийхэн огт тоодоггүйгээс эрсдэл, хор хохирол ихээр гарч байна. 
Тэгвэл яг энэ байдлыг засаж хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаа нь сайшаалтай жишээлбэл Хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудад тодорхой заалтууд орлоо. Эдгээр хуулиудын өөрчлөлтөөр, хөрш айл, хажууд чинь хүчирхийлэл болоод та түүнд анхаарал тавиагүйгээс эрсдэл гарсан бол та иргэний үүргээ биелүүлээгүйн улмаас хуулийн хариуцлага хүлээхээр эрх зүйн зохицуулалт хийгдсэн байгаа. Энэ бүгдийг сайтар сурталчилж, нөлөөллийн ажлыг олон чиглэлээр нэмэгдүүлэх ёстой. Тэгэхээр “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” эцэс болоод, харин саахалт айлын санаа нэг гэдэг уламжлалт ёсоо дээдлэн ажиллахыг сонины нийт уншигчид, иргэд олон нийтдээ уриалах байна. Ийм учраас бид нөлөөллийн ажлыг нийгмийн салбар бүрт, газар бүрт хийж өгөх хэрэгтэй. 
- Ер нь хүчирхийлэлд өртсөн хүмүүс цагдаад л ханддаг. Дуудлагаар ирсэн цагдааг ирэхэд ихэнхдээ учраа олсон, харахад нам гүм харагдах нь бий. Гэтэл цагдаад хэлсэн дуудсан гээд асуудал хүндрэх нь бий. Өөр хаана хандах вэ? 
o Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын 108 дугаарын утас 24 цагийн турш ажиллаж байгаа. Энэ утсанд хобогдоод мэдээлэл өгсөн тохиолдолд харъяа аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдээллийг дамжуулан хүүхдийн эрхийн улсын байцаагч уг дуудлагын мэдээлэл дээр ажилладаг. 
o Хүчирхийлэлд өртөн зодуулж гэмтэл авсан  хүүхэд эмэгтэйчүүд гэмтлийн эмнэлэгт хандахад шууд цагдаад хэрэг үүсч гэмтлийн зэргийг тогтоон шат дараалсан арга хэмжээг авдаг.  
o Оршин суугаа газрынхаа “Хамтарсан багт” хандсан хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхэд иргэний кейс дээр ажилладаг. Хамтарсан баг гэдэгт нь сум багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан гээд нийт 5 хүнтэй баг ажиллаж байгаа. 
o Манай аймагт хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр ажилладаг. Үүнд аюулын зэрэг нь буурсан  Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байрандаа 24 цагийн турш хүлээн авдаг. 
Ийм байр улсын хэмжээнд хэд хэдэн газар бий. Хандах, холбоо барих нь нээлттэй ч байршил нь нууцлаг, хүчирхийлэгч араас нь ирэхээргүй, хүчирхийлэлд өртөгсдөд амар тайван байх нөхцлийг хангасан байр юм. Аюулын зэрэглэл буурсан гэдэг нь цагдаа хууль хяналтын байгууллагад хандахааргүй, эсвэл ар гэртээ байх боломжгүй, хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болзошгүй хүүхэд эмэгтэйчүүд хамаарна. Эдгээр хүмүүсийн сэтгэл санаа бие махбод хэвийн болтол нь нийгмийн ажилтан, сэтгэл судлаач, хүүхдийн эрхийн байцаагч нар ажилладаг. 
 
- Хүүхдийн эрхийн байцаагч гээд хэлчив үү дээ?
 
Тиймээ. 2017 онд манай дээд газраас Ази тивдээ анх удаа “Хүүхдийн эрхийн улсын байцаагч” гэх Эрх зүйн чадамжтай эрх бүхий, батламжлагдсан хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бүтэцдээ багтаан аймаг бүрт ажиллуулж байгаа. Эрх нь зөрчигдсөн, зөрчигдөх магадлалтай бүхий л хүүхдийн асуудалд улсын байцаагчийн үүднээс  оролцож, тэднийг төлөөлөх, эрхийг нь хамгаалж ажиллах юм. Цаашдаа улсын байцаагчийг нэмэгдүүлэх  чиглэл барьж ажиллана. 
 
- Одоо гэр бүлийн хөгжлийн чиг үүргийг хангах, хангуулах тухай жаахан ярилцах уу?   
 
За тэгье. Энэ чинь бидний цөм асуудал, харин ч олон зүйлийг хэлж болно шүү.  Ер нь хүний амьдралын цөм, нийгмийн хамгийн анхдагч нэгж бол гэр бүл гэж үздэг. Гэрээ засаад, төрөө зас ч ярьдаг. Гэр бүл, ажил төрөл хоёрын аль нь 1-рт вэ? гэхэд  бүгд гэр бүл гэх боловч яг үнэндээ нийгмийн тогтолцоо, амьдралын хэв маяг, уламжлал зан заншлаасаа болоод гэр бүлээ ямагт хоёрт тавьж ирлээ. Энэ нь эргээд гэр бүлийн төлөвшил орчинд сөргөөр нөлөөлөх явдал бий. Хэн ч гэсэн сайн сайхан амьдрахын төлөө гэр бүл үр хүүхдүүдийнхээ төлөө явна л гэх байх. Ер нь хүн гэдэг чинь гэр бүлийнхээ сайн сайхны төлөө үр хүүхдээ хоол ундтай, мөр бүтэн байлгахын тулд хэдэн бор төгрөгний хойноос амьдралаа, залуу насаа ажилдаа зориулж явсаар гэр бүлээ хойш нь тавидаг. Гэтэл нэг өдөр эргээд харахад өөрөө хүүхдийнхээ бага насыг нь мэдрээгүй, үр хүүхэд нь аав ээжийнхээ залуу насыг нь харалгүй өнгөрүүлсэн байх вий...  
Эцэг эхчүүд бид гэр бүл үр хүүхдүүдтэй ажиллах цаг хугацааг цэцэрлэг, сургууль багш, эмээ өвөө, ах эгч нарт нь ихэндээ даатгаж орхидог. Энэ бүхэн бидний тогтсон уламжлал боловч гэр бүлийн хөгжилд /харилцаа, уур амьсгалд/ хоосон орон зай гарч байдаг. Тэр нь хүүхдийн төлөвшил хүмүүжлийн доголдол, залуу гэр бүлийн салалт зэргээр илэрдэг. Манай Монголчуудын  ажлын “хэнхэг”, гэр бүлийнхээ элбэг хангалуун байдлын төлөөх хэт мэрийх нь зарим талаар гэр бүлийн хөгжилд, дотоод уур амьсгалд саад тотгор болдог. Нэгэнт буруу хандлагатай тогтсон хүүхдийн зан төлөв, сэтгэл зүйн байдлыг өөрчлөх маш хэцүү байдаг бараг үгүй ч гэж хэлж болно. Энэ талаар  “буруу ишилсэн сүх”, “бухын хүзүүнээс хатуу” гэж ярьдаг нь энэ бүгдийг хэлээд байгаа юм. 
Олон улсын жишгээс харахад гэр бүлийн хөгжлииг эртнээс анхаарах, хүүхдэд эхийн хэвлий дэх 3 сартайгаас эхлэн сонгодог хөгжим сонсгож хийсэн судалгаа байдаг. Манайхны хүлэг болох унаганаасаа, хүн болох багаасаа гэдэгтэй дүйх зүйл л дээ. Гэр бүлийн хөгжлийг, хүүхэд, залуучуудын төлөвшил хүмүүжилд бүр бага наснаас нь СӨБ, ЕБС-аас нь эхнээс зөв бодлого, чиглэлтэй, нөлөөллийн арга хэмжээнд илүү өргөн хүрээнд цогцоор хандах нь чухал байна. Хүүхэд олон нийтийн болон оролцооны үйл ажиллагаануудад идэвхитэй хамрагдаж нийгмийн олон талын харилцаанд оролцож байх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд маш сайн эерэг нөлөө үзүүлдэг юм. 
Миний хувьд хүүхэд залуучуудын  өөрийн удирдлагын байгууллагатай багаасаа холбогдож, энэ салбарт ажиллаж яваа залуу хүний хувьд үүнийг илүү ихээр мэдэрч байдаг. 
 
- Өөрөө энэ чиглээр нэлээд сайн мэдлэг, мэдээлэлтэй хүн юм. Энэ ажлын туршлага, тэмүүлэл хэр зэрэг бэ?  Ер нь энэ албанд ямар шалгуураар орж ирэв вэ?
 
ЕБС-д байхаасаа л хүүхэд, залуучуудын өөрийн удирдлагын байгууллагад сонгуульт ажлуудад их оролцож үүрэг хүлээж, хүүхэд хүүхэдтэйгээ, залуус залуустайгаа ажиллах арга зүй, багийн ажиллагаа, бусдыг урамшуулж дэмжиж ажиллах, ажлын цаг хугацаа, арга эв дүйтэй болох гээд олон зүйлтэй харьцаж ирлээ. Туршлага гэхээсээ харж ажигласан, мэдлэг мэдээлэл олж авсан, эргэцүүлж бодсон зүйл цөөнгүй. Бас  ололт амжилт, асуудал бэрхшээл ч цөөнгүй байж л байсан. Энэ бүхэнд шимтэн суралцсаар, оролцсоор өдий хүрснээ нэг талаараа багаасаа нийгмийн идэвхитэй сурагч байсны давуу тал байх. Эрх зүйч , Сэтгэл судлаач-Нийгмийн ажилтан, байгууллагын удирдлагын чиглэлээр цөөнгүй жил суралцсан маань энэ ажлыг хийх шалгуур босго байсан болов уу. Ажилласан туршлага бага ч  надад тэр чинээгээрээ боломж байгаа гэж би хардаг.
 
- Гэр бүлийн нийгмийн хамгааллын олон асуудал танай гадна нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд багтдаг. Ер нь танай  үйлчлүүлэгч буюу хэрэглэгч  хэн хэн болж байна вэ?  
 
Бид нийгмийн бүх бүлэг, давхаргад хүрч ажилладаг. Гэр бүл, хүүхэд, залуучууд, олон нийт нөгөө талаас Засаг даргын дэргэдэх агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны, гадаад орны болон олон улсын, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн гээд бүх л цэгт хүрч хамтын ажиллагаатай байхыг зорьдог. Мэдээж зорилтод өрхүүдэд чиглэсэн төрөөс баримталж буй бодлогуудад тулгуурлан өөрсдийн боломж чадавхиа бүрэн дайчилж, орон нутгийнхаа цаашлаад улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй хүмүүс гэдгийг өөрсдөд нь  сайтар ойлгуулах нь манай байгууллагын, бидний ажил юм. Түүнээс биш ажилгүй хүнд ажил өгөхгүй халамж шаардлагатай хүнд халамж өгөхгүй. Загас биш, Загас барих аргыг зааж өгөхөд байна. 
Нэгд: Залуучууд манай улсын ирээдүй гэж бид бүгд ярьж ирсэн. Гэтэл залуучуудын маань эрүүл мэндийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. Судалгаанаас үзэхэд залуучуудын маань гуравны нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ.
Хоёрдугаарт: Залуу хүн бүр боловсролтой, эрдэм мэдлэгтэй, харилцааны зөв хандлага чиглэлтэй байж улс орон хөгжиж дэвжинэ.
Гуравдугаарт: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал хэвээр байсаар ирлээ. Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна. Хүний хөгжлийн илтгэлээс харахад залуу гэр бүлийн  60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд маань нийгмийн хамгийн эмзэг хэсэг болоод байна.
Дөрөвдүгээрт:  . Утаатай, эрүүл мэндэд хортой төв рүү тэмүүлэх биш, Төвлөрлийг сааруулах замаар орон нутгийн хөгжилд залуус маань их хувь нэмэр оруулах үүрэгтэй. Хөдөө орон нутагт залуус ажиллаж амьдрах орон зай, боломжийг илүү нээлттэй болгомоор байна. Бид орон нутагтаа гэр бүл, хүүхэд ,залуучуудын хөгжлийг төлөвлөх хэрэгжүүлэх, үр дүнг үзэх, мэдрэх  хэрэгтэй санагддаг. 
 
Ярилцлагаа энд хүргээд өндөрлөх гэж байна. Таньд нэмж хэлэх зүйл байна уу.
 
Манай байгууллага 2018 оныг гэр “Гэр бүлийг хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаа. Бид зорилтот жилийнхээ хүрээнд 10 томоохон ажлыг хийхээр төлөвлөж байна. Хамгийн гол нь гэр бүлдээ зориулах цаг маш чухал юм шүү гэдгийг л хүмүүстээ хандаж хэлмээр байгаа юм. Мэдээж өмнөө тависан зорилго, ажлын карьер маш чухал ч гэлээ гэр бүл нэгдүгээрт байх ёстой шүү гэж уншигч нартаа хандаж хэлмээр байна.  Нэг зүйлийг хэлэхээ мартах гэж байна... 
Байгууллага, аж ахуй нэгжийн ахмад гэлтгүй залуу удирдлагууд ажилтан, албан хаагчдынхаа гэр бүлдээ өнгөрүүлэх цаг, боломжийг их гаргаж өгөөч. Залууст маань гэр бүлтэйгээ, үр хүүхдүүдээ аливааг зааж сургах, хосууд бие биенээ хайрлах дурлах, хамтдаа суралцаж хөгжих их хүслэн байгаа. Тэр нь цаг хугацаатай, эрин цаг үетэй шүү дээ. Энэ талаар удирдлагууд ажил үүргийнхээ хүрээнд, бодож үзээч гэж хэлэх гэсэн юм. Ядаж амралтын өдрүүдэд ажлаар дарахгүй, дуудахгүй байгаач. Бидний  зорилтот жилийн хүрээнд “Бямба гарагийг Гэр бүлдээ” гэсэн томоохон нөлөөллийн ажлыг төлөвлөсөн байгаа. Худалдаа үйлчилгээний бүх байгууллагууд гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээ, хямдралтай урамшуулал явуулах юм. Гэр бүлийн хөгжилд хүн бүр хувь нэмрээ оруулья, гэр бүлийн хамгийн нандин харилцаа, хэв маягийг бий болгоё гэж зорьж байна. 
Хийх ажил бидэнд их байна.  
 
-МАНАЙ АСУУЛТАД ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ТАНД БАЯРЛАЛАА